Тархиндаа эвхэж хий — яагаад зорилгогүй сурсан зүйл мартагддаг вэ?

Би өөрийнхөө утасны дугаарыг цээжээр мэддэггүй. Гэхдээ хувьцааны бүртгэлийн санамсаргүй нууц үгсийг маш амархан цээжилдэг.

Энэ хоёр баримтыг зэрэгцүүлж харвал нэг сонин зүйл харагдана: санах ой маань багтаамжаараа биш, шүүлтүүрээрээ ажилладаг юм байна. Энэ нийтлэл бол тэр шүүлтүүрийн тухай, тэгээд түүнийг хэрхэн өөртөө ашигтайгаар ажиллуулах тухай юм.

Зорилго төгсгөлд байдаг, гэхдээ бодол тэндээс эхэлдэг

Аливаа зүйлийг харах миний арга энгийн:

Төсөөлөл — эхлээд зорилгоо харна. Дараа нь тэр зорилгод хүрэх замаа ухрааж бодож, блокуудад задална.

Хэрэгжүүлэлт — эхний блокоос эхэлж, зорилго руугаа хандсан чигтэй урагш явна.

Эхлэлээсээ сохроор урагш явбал үйлдэл бүрийн зорилго тодорхойгүй болно. Харин зорилгоосоо ухрааж бодвол блок бүрийн хийх ажил өөрөө тодордог.

Энэ нь Монголын өртөөний системтэй төстэй: зам нь өртөө өртөөгөөр хуваагдсан, өртөө бүр өөрийн дэд бүтэцтэй, оролттой, гаралттай. Нэг өртөөний гаралт дараагийн өртөөний оролт болдог.

Зорилгоос ухрааж бодох зураглал — өртөө өртөө, оролт гаралт
Зорилгоос ухрааж бодох — засч сайжруулсан зураглал

Хүүхдүүд яагаад сурснаа мартдаг вэ?

Хүүхдүүд юуны тулд сурч байгаагаа, зорилгоо мэддэггүй. Зорилгоо мэдэхгүй учраас хичээлээс юу авахаа мэддэггүй — зүгээр л сураад байдаг.

Зорилго гэдэг нь сурахад нэг ёсны шүүлтүүр болдог. “Би үүнийг сурч яах юм бэ” гэдгээ мэдэж байгаа хүүхэд хэрэгтэй зүйлээ өөрөө олж аваад дараагийн өртөө рүүгээ авч явдаг. Харин зорилгогүй бол бүх мэдээлэл орж ирээд, алийг нь үлдээхээ мэдэхгүй — гаралт нь хоосон. Тиймээс зорилгогүй сурсан зүйл шууд мартагддаг нь аргагүй.

Асуудал хүүхдийн ой тогтоолтод биш, эхэнд нь зорилго нь тавигдаагүйд байгаа хэрэг.

Ажлын санах ой — тархины жижиг талбай

Тархинд агуулах (урт хугацааны санах ой) асар их багтаамжтай. Гэхдээ яг одоо бодож боловсруулж байгаа хэсэг нь маш жижиг. Үүнийг шинжлэх ухаанд ажлын санах ой (Working Memory) гэдэг — компьютероор бол RAM нь. Нэг дор барьж чадах нь ердөө 4±1 нэгж.

Хүн бүрийн энэ талбай бараг адилхан жижиг. Ялгаа нь талбайн хэмжээгээрээ биш, түүнийгээ хэрхэн ашиглаж байгаагаар гардаг.

Блок — шахсан мэдээлэл

Тэгвэл жижиг талбайгаар яаж том зүйлийг барих вэ? Хариулт нь: эвхэж хийх.

Блок гэдэг нь утгаар нь багцалсан, шахсан мэдээлэл юм. ZIP файл шиг: талбай дээр бүхэлд нь дэлгэхгүй, нэртэй багц л тавина — нэг нэгж эзэлнэ. Дотор нь хэдэн зуун файл байж болно, хэрэглэх үедээ задална.

  • Эхлэн сурагчид С-И-С-Т-Е-М гэдэг нь 6 тусдаа нэгж. Уншиж сурсан хүнд “СИСТЕМ” гэдэг үг бүхэлдээ 1 блок.
  • Шатарчид бодит өргийн байрлалыг бараг алдаагүй санадаг нь нүд олонтойдоо биш — нэг нүдэнд нь хэлтэрхий биш, бүтэн хэв маяг багтаж байгаагийнх.

Тэгэхээр үр дүнтэй багтаамж = нүдний тоо × нэг нүдэнд багтах блокийн хэмжээ. Нүдний тоо 3 ба 5 нь хоёр дахин ч хүрдэггүй ялгаа, харин блок болгож бүлэглэх чадвар багтаамжийг арав дахин зөрүүлж чадна.

Нэг нөхцөл бий: шахахын тулд эхлээд задгайгаар нь дамжих ёстой. Туршлага, давталтаар хэлтэрхийнүүд хоорондоо утгаар наалдаж блок болдог.

Ухаантай хүн гэж хэн бэ?

Миний бодлоор ухаантай хүн гэдэг нь хогон мэдээллээр тархиа дүүргэсэн хүн биш. Хэрэгтэй үедээ хэрэгтэй мэдээллээ татаж чаддаг, бага ажлын талбайгаа зөв зохицуулдаг хүн юм.

Японд телевизүүд quiz нэвтрүүлэг хийж, хамгийн хурдан хариулж байгаа хүмүүсийг ухаантай гэж харуулдаг. Гэхдээ quiz дээр хэмжигддэг нь бэлэн асуултад бэлэн хариултыг хэр хурдан татах вэ гэдэг л зүйл. Асуултыг өөр хүн тавьсан, хариулт нь урьдчилж байгаа.

Одоогийн боловсролын систем ч мөн адил: бэлдсэн асуулт, бэлдсэн хариулт. Миний бодож байгаа хүн бол асуултаа өөрөө олж, түүндээ хариулт хайх чадвартай хүн. Системийн дутуу нь эхний өртөөгөөр дамжсан хүүхдийг дараагийн өртөө — “асуултаа өөрөө тавь” — рүү хэзээ ч шилжүүлдэггүй явдал юм.

Хамтрагч сонгохдоо ч би энэ шалгуурыг барьдаг: надад агуулах биш, зорилго тавьж, талбайгаа зохицуулж, хэрэгтэйгээ татаж чаддаг оператор хэрэгтэй.

Тогтооё гэвэл хаалгыг нь нээ

Санах ой бол бичигч биш, хаалгач юм: “Үүнийг дараа өөрөө татах хэрэг гарах уу? Алдвал хохирол нь юу вэ?” гэж асуугаад тэнцсэнийг нь л гүн рүү оруулдаг. Энэ үзэгдлийг юм тогтоохдоо зориудаар ашиглаж болно:

  1. Эхлээд шүүлтүүрээр оруул. Дэд бүтцэд (тэмдэглэл, утас, системд) хадгалж болох зүйлийг толгойдоо хийхгүй. Толгойд зөвхөн түлхүүрүүд ба газрын зураг үлдэнэ. Миний утасны дугаар тийм учраас толгойд байхгүй — тэр утасны жагсаалтад байгаа.
  2. Хэрэглээг нь урьдчилж товло. “Хэзээ нэгэн цагт хэрэг болно” гэдэгт хаалга нээгддэггүй. “Маргааш үүгээр тооцоо хийнэ” гэвэл нээгдэнэ.
  3. Дахин унших биш, татаж турш. Номоо хаагаад санаж чадах эсэхээ турших нь тархинд “энэ татагддаг зүйл юм байна” гэсэн хамгийн хүчтэй дохиог өгдөг. Нууц үгс минь яг ингэж тогтсон: бичих бүрдээ татаж байсан.
  4. Утгагүй зүйлийг блок болго. Санамсаргүй тэмдэгтийг шууд шахаж болохгүй — түүх, дүрс, танил үгтэй холбож хиймэл утга наа.
  5. Өртөгийг нь мэдрүүл. Хүнд заах, бичиж нийтлэх, бодит ажилд хэрэглэх — алдвал “өвдөх” зүйл хурдан тогтдог.

Дүгнэлт

Тархиа томруулах гэж хичээх хэрэггүй — талбай нь хүн бүрд жижигхэн заяасан. Харин зорилгоосоо ухрааж бодож, замаа блокуудад хувааж, мэдээллээ эвхэж хийж сурвал тэр жижиг талбайгаар асар том системийг удирдаж болдог.

Ухаан гэдэг нь агуулахын хэмжээ биш, зохицуулалтын чадвар юм.

Сэтгэгдэл

error: Content is protected !!
Гарчиг URL хоёрыг хууллаа